Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эртний их хагарал, галт уулын хүрмэн чулууг голын ус олон мянган жилийн турш элээн зүсэж, гүн хавцал үүсгэсэн нь Эрхэт Тамчийн байгалийн өвөрмөц тогтоц юм. Энэхүү хавцал нь аялагч, жуулчдын сонирхлыг татдаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм.
Тус хавцал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заагт, Хангайн нурууны ноён оргилуудын нэг Эрхэт хайрхан (3535 м) уулын орчимд оршдог. Байгалийн үзэсгэлэнт хавцлын өндөр 380 орчим метрт хүрдэг бөгөөд өвлийн улиралд ёроолдоо нар бараг тусдаггүй гүн ангал юм.
Баянхонгор аймгийн төвөөс хойш 90 км, Эрдэнэцогт сумын төвөөс баруун хойд зүгт 62 км зайд байдаг хавцлын хажуу хана дагаж шилмүүст хар мод, голын саваар бургас, улиас ургахаас гадна хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн ургамлууд элбэгтэй. Ирвэс, шилүүс, буга согоо, бор гөрөөс, янгир, зэрлэг гахай зэрэг хөхтөн амьтад нутагладаг төдийгүй нутгийнхан "тэмээн халиу" хэмээх ховор амьтан ч бий.
Эрхэт Тамчийн хавцал руу Гивэн, Халиут гэсэн хоёр оруулга замаар ердийн хөсөг буюу явган болон мориор нэвтрэх боломжтой ба ойролцоо нь Эрхэт хайрхан уул, Тамчийн 72 нуур, Тамчийн Ихцагааны буган хөшөө зэрэг түүх, байгалийн дурсгалт газрууд оршдог.