Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлнө.
Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2027 оны улсын төсвийн хүрээнд зарласан бөгөөд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. Төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцсанаар иргэдийн халааснаас гарах 103 тэрбум төгрөгийн эмийн зардлыг хэмнэх тооцоо гарчээ.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж, зорилтот бүлэгт шаардлагатай 220 төрлийн эмийг хамруулахаар тусгасан байна. Иргэд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв болон шатлалын эмнэлгийн эмчид үзүүлж, оношийн дагуу цахим жор бичүүлнэ. Улмаар цахим жорын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмийн сангуудаас хөнгөлөлттэй эмээ төлбөргүй авах боломжтой аж.
Хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалт болон эмийн сангийн байршлын талаарх мэдээллийг ЭМДЕГ-ын албан ёсны цахим хуудас болон 1800-1363 лавлах утсаар тодруулахыг албаныхан мэдээллээ.