Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Хосбаяртай ярилцлаа.
- Аймгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар ярилцья. Таны байр суурийг сонсьё?
- Аймгийнхаа хөгжлийг зөвхөн өнөөдрийн хэрэгцээ шаардлагаар бус, ирээдүйг харсан том зургаар төлөвлөх ёстой. Манайх бусад аймагтай харьцуулахад хөгжлийн томоохон давуу талуудтай. Хүн амын тоогоор улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг, төвийн бүсэд стратегийн байршилтай, авто зам зэрэг дэд бүтэц харьцангуй эрт хөгжсөн, мөн мал сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг.
Эдгээр бодит давуу талаа зөв ашиглаж чадвал манай аймаг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, ложистик, худалдаа, аялал жуулчлалын хөгжлийн томоохон төв болох бүрэн боломжтой. Тиймээс аймгийнхаа ирээдүйн хөгжлийн бодлогыг эдгээр онцлог, давуу талдаа тулгуурлан урт хугацаанд төлөвлөж, тууштай хэрэгжүүлэх нь чухал.
- Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгнө үү. Цаашид хөрөнгө, санхүүтэй холбоотойгоор бүрэн хэрэгжиж дуусах баталгаа бий юу?
- Олон жил яригдаж байгаа ч эхлээгүй, эрчимжээгүй олон ажил байна. Тулгамдсан олон асуудал байна. Өнөөдөр манай аймаг цахилгаан, эрчим хүчээ зөвхөн ЭБЦТС ТӨХК-ийн нэг эх үүсвэрээс авдаг учраас эрсдэл өндөр хэвээр байгаа. Энэ нь шинэ үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, орон сууц, барилга байгууламж барих, цаашлаад томоохон хөрөнгө оруулалт татахад бодит хүндрэл учруулдаг.
Та бүхэн санаж байгаа байх. Хэдэн жилийн өмнө Булган аймгийн Гурванбулаг суманд үер бууж, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам гэмтэхэд Өвөрхангай аймаг бүтэн долоо хоног цахилгаангүй байсан. Нэг эх үүсвэрээс хэт хараат байхын эрсдэл ямар өндөр байдгийг тэр үйл явдал тодорхой харуулсан. Иймээс Дундговь аймгийн Мандалговь хотоос Арвайхээр хүртэлх 220 кВ-ын хос цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг энэ онд эхлүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэ стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт 2026–2027 онд бүрэн хэрэгжсэнээр Өвөрхангай аймаг хоёр эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчээ авах боломж бүрдэж, эрчим хүчний найдвартай байдал эрс сайжирна.
Ингэснээр үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга,
хөрөнгө оруулалтын орчин илүү тогтвортой болж, аймгийн эдийн засгийн өсөлтөд
томоохон түлхэц болно.
Дараагийн томоохон зорилт бол аймгийн төвийн дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх явдал. Агаарын бохирдлыг бууруулах, дулааны эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгохын тулд Дулааны станцыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар энэ төсөл зогсонги байдалд орчихсон. Энэ ажлыг урагшлуулахын тулд нэлээдгүй хичээл зүтгэл гарган ажиллаж байгаагаа хэлье.
Ойрын хугацаанд шийдвэрүүд гарч, бүтээн байгуулалт үргэлжилж, дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна. Дулааны станц ашиглалтад орсноор аймгийн төвийн айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбогдож, хэрэглээний байнгын халуун устай болох нөхцөл бүрдэнэ. Энэ нь зөвхөн иргэдийн амьдрах орчныг сайжруулаад зогсохгүй, агаарын бохирдлыг бууруулах, шинэ орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барих боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
Мөн 2024 оны сонгуулийн дараа аймаг, орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөн, Өвөрхангай аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан “Нутгийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн хөдөө орших 18 сумыг Арвайхээр болон Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбох зорилтыг дэвшүүлж байгаа.
Энэ зун дөрвөн сумын чиглэлд хэрэгжих авто замын томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг болох Арвайхээр–Гучин-Ус–Богд–Шивээхүрэн боомтын чиглэлийн 170 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Энэ төсөл зөвхөн Гучин-Ус, Богд сумыг хатуу хучилттай авто замаар холбоод зогсохгүй, говийн бүсийн ойролцоох бусад сумдыг энэхүү замд холбох суурь нөхцөл болох юм. Өөрөөр хэлбэл, говийн бүсийн хөгжил, эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалт, иргэдийн амьдралын чанарт бодит ахиц авчрах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болно.
Арвайхээр–Тарагт–Уянга чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажил эхэлсэн. Энэ зам цаашдаа Хангайн бүсийн аялал жуулчлалын тойрог замын чухал хэсэг болно. Монгол Улс болон Хангайн бүсийн аймгууд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа энэ үед уг замын бүтээн байгуулалт онцгой ач холбогдолтой.

Үүнээс гадна Есөнзүйл, Бүрд, Өлзийт сумыг хатуу хучилттай авто замаар холбох асуудал тодорхой түвшинд яригдаж байна. "Зам дагаж хөгжил ирдэг" гэдэг үг бий. Энэ бол зүгээр нэг уриа биш, бодит үнэн. Хатуу хучилттай авто замтай болсон сумдад хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес, худалдаа, аялал жуулчлал хөгжиж, иргэдийн амьдрах орчин, боломж эрс сайжирдаг.
Мэдээж, зам барихад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тиймээс улсын төсөв, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Гэхдээ эдгээр төслүүд нь төрийн бодлогод тусгагдсан, хэрэгжих чиглэл нь тодорхой болсон учраас бүрэн баригдаж дуусна гэдэгт итгэлтэй байна.
- Зарим сумдууд эзэнгүй болж байна. Хүн ам цөөн сумдад томоохон бүтээн байгуулалт хийх нь зөв бодлого мөн үү. Эсвэл хөрөнгө оруулалтыг өөр байдлаар төвлөрүүлэх ёстой юу?
- Монгол Улс 330 сумтай. Сум бүрд иргэд амьдарч байна. Зарим суманд хүн ам цөөн ч айл өрхүүд байсаар байгаа. Тиймээс хүн амын тооноос үл хамааран иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй. Үүнд төрийн бодлого нь чиглэх ёстой юм. Сум бүрт анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, хүүхэд боловсрол эзэмших сургууль, цэцэрлэг зайлшгүй байх шаардлагатай. Мөн хүний нийгмийн хэрэгцээг хангах соёлын төв, олон нийтийн үйлчилгээний орчин ч байх ёстой.
Нөгөө талаас төр төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах үүрэгтэй. Тиймээс хүн амын бодит хэрэгцээ, ашиглалтыг харгалзан зарим сургуулийг бага сургууль хэлбэрээр ажиллуулах, төсөвт байгууллагын барилгыг хэт томоор төлөвлөхгүй байх зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүйгээр төсвийн үр ашиг, хэмнэлтийг хангах нь өнөөдрийн бодлогын гол зорилго байх ёстой.
Өнөөдөр Өвөрхангай аймгийн найман сум инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байна. Эдгээр сумыг үе шаттайгаар инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хөөцөлдөж байна. Одоогийн байдлаар Төгрөг, Нарийнтээл суманд инженерийн шугам сүлжээний ажил эхэлсэн. Цаашид үлдсэн сумдыг инженерийн дэд бүтцэд холбож, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.

-Та бизнесийн, тэр дундаа барилгын салбарын хүн. Тиймдээ ч энэ чиглэлийн асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг байх?
-Зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим бол хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих явдал юм. Үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа, мал маллаж байгаа хүн бүр баялаг бүтээгчид. Тийм учраас би улсынхаа эдийн засгийг нуруун дээрээ үүрээд авч яваа хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Хувийн хэвшил хүчирхэг байж гэмээнэ ажлын байр нэмэгдэнэ, татварын орлого өснө, иргэдийн амьжиргаа дээшилнэ, улс орон хөгжинө.
Үүний тод жишээ бол барилгын салбар. Өнгөрсөн онд Монголын барилгачид 19.600 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Манай Өвөрхангай аймагт гэхэд л 500 гаруй айлын орон сууц шинээр баригдаж, ашиглалтад орсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. Энэ бол зөвхөн барилгын тоо өссөн гэсэн үг биш.
Илүү олон айл өрх эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжтой болж, иргэдийн амьдралын чанар дээшилж байгаагийн илрэл. Сүүлийн жилүүдэд аймгийн төв төдийгүй сумдын иргэд ч орон сууц худалдан авч, илүү тав тухтай, ая тухтай орчинд амьдрахыг эрмэлздэг болсон нь иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг харуулж байна.