Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг
ogoo_selenge@yahoo.com

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарт олон жил ажилласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ахмад тариаланч Ц.Сүрэнг аймгийн Хүндэт иргэн цолоор өргөмжиллөө.
Найрамдал сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус аж ахуйн хөгжил, түүхийг бүтээлцсэн ахмад тариаланчийн олон жилийн хөдөлмөрийг ийнхүү үнэлжээ.
Ц.Сүрэн 1968 онд трактор, комбайнчны мэргэжил эзэмшсэнээс хойш амьдралынхаа он жилүүдийг газар тариалангийн салбарт зориулж, Цагааннуурын үржил шимт хөрсөнд үр тариа ургуулах, эх орны тариалангийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан нэгэн юм.
Түүний олон жилийн хөдөлмөр, салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, Сэлэнгэ нутгийнхаа хөгжилд зориулсан бүтээлч үйлсийг өндрөөр үнэлж, аймгийн Хүндэт иргэн цолоор өргөмжиллөө.
Хүндэт иргэний өргөмжлөлийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баянбаатар, Э.Саранчимэг нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Найрамдал сангийн аж ахуйн 50 жилийн ой нь тус нутгийн газар тариалангийн хөгжилд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тариаланчдын түүх, хөдөлмөр бүтээлийг эргэн дурсахын зэрэгцээ салбарын ахмад зүтгэлтнүүдийн гавьяаг алдаршуулах онцгой ач холбогдолтой юм.