Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг
ogoo_selenge@yahoo.com

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгуудад 10 дугаар сарын сүүлийн арав хоногт намрын хөрсний ашигтай чийгийн нөөцийн явуул судалгаа хийжээ.
Судалгаагаар уриншилсан болон гуурстай талбайн хөрсний 0-20, 0-50 см гүний хөлдөхөөс өмнөх ашигтай чийгийн нөөцийг тодорхойлсон байна. Энэ нь хөрсөнд хуримтлагдсан чийгийн хэмжээг үнэлэх, өвөлжилтийн нөхцөл болон ирэх хаврын тариалалтын үеийн хөрсний чийгийн хангамжийг урьдчилан баримжаалахад чухал үзүүлэлт болдог.
Уриншилсан талбайн хөрсний ашигтай чийгийн нөөцийг үнэлэхэд Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Хушаат, Зүүнбүрэн, Мандал суманд хангалттай, Орхонтуул суманд дунд зэрэг, харин Орхон, Баянгол суманд хангалтгүй гарчээ.
Харин гуурстай талбайн хувьд Түшиг, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Зүүнбүрэн суманд хөрсний ашигтай чийгийн нөөц хангалттай, Орхонтуул, Хушаат, Мандал суманд дунд зэрэг, Орхон, Баянгол суманд хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Энэхүү судалгааны дүнгээс харахад аймгийн газар тариалангийн бүс нутгуудад хөрсний чийгийн нөөц харилцан адилгүй байгаа бөгөөд ялангуяа Орхон, Баянгол сумдын тариалангийн талбайд чийгийн хангамж хангалтгүй түвшинд байна. Харин ихэнх сумдын уриншилсан болон гуурстай талбайд ашигтай чийгийн нөөц хангалттай буюу дунд түвшинд үнэлэгджээ.
Намрын хөрсний ашигтай чийгийн нөөц нь дараа жилийн ургацын эхлэлийн нөхцөлд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг юм. Иймд энэхүү судалгааны мэдээллийг тариаланчид, аж ахуйн нэгжүүд ирэх оны тариалалтын бэлтгэл, хөрс боловсруулалт болон агротехникийн арга хэмжээг төлөвлөхдөө харгалзан үзэх боломжтой юм.