Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri
btlnmn@yahoo.com

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, нэр төрөө сэрээлгэхээр зарлаж буй”-гаа мэдэгдэв.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэсэн эрхэм, хүндтэй албыг хашдаг, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм.
Гэтэл сүүлийн нэг сар гаруйн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдал руу зарим нэг гэмт бүлэглэлийнхэн халдаж, эрээ цээрээ алдсан үйлдлийг удаа дараа хийж, гутаан доромжилж байгааг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа.
Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах нь Монголын ард түмний нэр хүнд, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд халдаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд бол улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг илэрхийлж байдаг ба гадаад нэр хүндтэй шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй хүнд, онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тэр бүх цахим мэдээлэлд хариулах боломжгүй хариуцлагатай албан тушаал байдаг. Тийм учраас албан ёсны байр сууриа илэрхийлж байна” хэмээн тодотголоо.
Тэрбээр цааш хэлэхдээ, “УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгч, үнэн мөнөө тогтоолгох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Энэхүү шаардлагатай би санал нэг байна. Миний нэр хүндийг гутаан доромжилж буй эдгээр этгээдүүдийг холбогдох газарт нь өгч, нэр төрөө сэргээлгэнэ.
Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бэхжсэн. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өдөр ирэх тусам өндийж байна. Төрийн тэргүүний хувиар хэлэхэд, миний бие ямар нэг бодлогын алдаа гаргаагүй.
Би 17 настайдаа эх орны өмнө тангараг өргөж, эр цэрэг болсон. Би офицер хүн, худлаа ярьж, хулгай хийж, бусдыг хуурч мэхэлж явсангүй. Харин ч хулгайд алдагдсан үйлдвэр, завод, баялгийг эх орондоо, ард түмэндээ авчирч байсан. Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет, Багануур болон Бор-Өндөрийн уурхай, Салхитын орд, Хармагтайн орд, Ноён уул зэрэг ард түмний өмч хөрөнгийг олж авчирч, үндэсний баялгийн сангийн үндэс суурийг тавьсан юм. Энэ бол миний үндсэн зан чанар.
Тийм учраас миний бие үнэний төлөө, шударга ёс тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр эх орныхоо төлөө ажилласан гэдгээ зориудаар тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Төрийн тэргүүний хэлсэн энэхүү шийдвэрийг хэвлэл мэдээллийнхэн Та бүхэн олон түмэнд маань гуйвуулалгүй хүргэж өгөхийг хүсье” гэлээ.