Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA
nominnaran7@gmail.com

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн 47 осол бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 637 бүртгэгдсэн тухай тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Зам тээврийн осол нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байх, өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж хөдөлгөөн оролцохгүй байгаа нь энэ төрлийн осол үүсэх нөхцөлийг бүрдүүлж буй аж. Үүний зэрэгцээ согтуугаар хөдөлгөөнд оролцох, шөнө оройн гэрлээ шилжүүлэхгүй байх нь зам тээврийн ослын дийлэнх шалтгаан болж байна.
Говь-Алтай аймаг нь Ховд, Баянхонгор аймгуудтай улсын чанартай төв замаар холбогддог. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихэвчлэн дээрх аймгуудтай холбогдсон улсын чанартай авто замд гарч байна. Энэ нь хол замд жолооч хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох шалтгаанаас үүсч байгаа тухай нэмж мэдээлэв.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил энэ оны эхний 10 сарын байдлаар 637 бүртгэгдсэн бол зөвхөн 10 дугаар сард 80 жолооч бүртгэгдэн хуулийн дагуу арга хэмжээ хүлээжээ.
Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, зөрчлийг бууруулах зорилгоор тогтмол хяналт шалгалт хийж, замын хөдөлгөөний дүрмийг жолооч нарт сахиулан биелүүлэхэд хуульд заасанчлан үүргээ гүйцэтгэн хэрэгжүүлдэг байна.
Ташрамд, шинэ жил, баяр ёслолын сарууд эхэлж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газраас жолооч нарт хандан, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд бүү оруулаарай гэдгийг уриаллаа.