Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

МАНИЛА, 2026 оны арванэгдүгээр сарын 16 /Reuters/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо /АСЕАН/ болон Хятад улс Өмнөд Хятадын тэнгист баримтлах үйл ажиллагааны дүрмийн төслийн 80 орчим хувь дээр урьдчилсан байдлаар санал нэгджээ. Гэвч Филиппин улс тус холбоог даргалах хугацаандаа олон жил үргэлжилж буй уг хэлэлцээг эцэслэн дуусгаж чадсангүй. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч ням гарагт мэдэгджээ.
АСЕАН, Хятадын хооронд Өмнөд Хятадын тэнгист баримтлах дүрмийн талаарх хэлэлцээ 20 гаруй жилийн турш үргэлжилж байгаа юм. Харин энэ жил АСЕАН-ыг даргалж буй Филиппин улс хэлэлцээг эрчимжүүлж, оны эцэс гэхэд дүрмийг эцэслэн батлахыг зорьж байжээ.
Филиппиний Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Тереза Лазаро Манила хотод болж буй АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна" хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр уг баримт бичгийг хууль эрх зүйн хувьд заавал биелүүлэх үүрэг хүлээх эсэх зэрэг хэд хэдэн чухал асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг нэмж дурдсан байна.
Хятадын хөрш Зүүн Өмнөд Азийн орнууд уг дүрмийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлахыг шаардаж байгаа аж. Тус орнууд Бээжинг Өмнөд Хятадын тэнгисийн бараг бүх бүсэд бүрэн эрхээ тогтоохыг эрмэлзэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлож байна хэмээн удаа дараа буруутгаж иржээ.
Харин Хятадын эрх баригчид Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа нь хууль ёсны бөгөөд мэргэжлийн түвшинд явагддаг гэж мэдэгдсээр байгаа аж.