Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлсний дараа Нийслэлийн Засаг даргын даалгавраар үүсмэл хогийг цэвэрлэх, шилжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн 14.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Үлдсэн долоон аж ахуйн нэгжийн эзэмшлийн 9.9 га болон нийтийн эдэлбэр газрын 14.3 га талбайг үе шаттай цэвэрлэх аж. Түүнчлэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуй нэгжүүдийн эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Иймд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эзэмшил газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдлээ.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайханы ярьснаар тус бүсэд олон жилийн өмнөөс хуримтлагдсан 38.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, ариутгалын ажлуудыг УБЗАА, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх аж.