Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ жил тус өдрийг “Чихрийн шижинг эрт илрүүлье!” уриан дор тэмдэглэж, өвчнийг эрт илрүүлэх, өвчлөх эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж байна.
Энэ хүрээнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс өнөөдөр иргэдэд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв дадал хэвшүүлэх нь чухал.
Эмч нар иргэдийг тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих, чихэрлэг ундааны хэрэглээг багасгах, тамхинаас татгалзахыг зөвлөлөө. Мөн цусан дахь сахарын хэмжээгээ эмчийн зөвлөгөөний дагуу тогтмол хянуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах шаардлагатайг онцоллоо.
Ховд аймгийн хэмжээнд 35-аас дээш насны 32805 иргэн чихрийн шижингийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдахаас 2026 оны аравдугаар сарын байдлаар 20533 иргэн буюу 62.6 хувь нь хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар чихрийн шижин өвчний 89 шинэ тохиолдол бүртгэгджээ.