Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B
oyundelger4578@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18. /МОНЦАМЭ/. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн ДЦГ-т гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын ГХЯ, БОЯ, ЭСЯ, ЖАЙКА-гийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа.
Уулзалтын эхэнд ажлын хэсгээс Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, одоогоор цагдаа, шүүхийн байгууллага хянаж шалгаж байгаа тул хэрэг хянан шийдэх явцад зарим мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломж хязгаарлагдмал байгааг тодотгожээ.
Шинжээчдийн баг түймрийн нөлөө, хохирлыг ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ, нарийвчилсан судалгаа хийснийг танилцууллаа.
Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулж байгаа. Түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөл бүрдүүлэх, нөхөн сэргээлтийг үе шаттай хийх нь чухлыг талууд онцолсныг БОУАӨЯ мэдээлэв.
БОУАӨЯ-ны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг байгаль орчны хохирлыг тогтоохоос гадна экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөц сэргэн ургахыг дэмжих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Ялангуяа түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын идэш тэжээл, бэлчээрийг сэргээх зэрэг өвлийг өнтэй давахад БОУАӨЯ анхаарч байгаа. Эхний ээлжид түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын популяц, тархац нутаг, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд гарсан өөрчлөлтийг тодорхойлох мониторинг, судалгааг ойрын хугацаанд хийх шаардлагатай. Иймд БОУАӨЯ-наас судалгааны үр дүнд үндэслэн амьтдын амьдрах орчныг сэргээх, өвөлжих нөхцөлийг сайжруулах, экосистемийн богино, дунд, урт хугацаанд нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа юм.
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т өнгөрсөн 10 дугаар сард гарсан түймэрт нийт 587,744.1 га талбайгаас 448,993.6 га буюу газар нутгийнх нь 76.4 хувь нь өртсөн билээ.