Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
muknzul.b@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй сурталчлах, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг үндэслэн өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэ үеэр сүүлийн жилүүдэд олон улсын цахим худалдаа эрчимтэй хөгжиж, улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40.5 хувиар өссөнийг дурдав. Үүнийг дагаад олон улсын шуудан, илгээмжийн үйлчилгээний ачаалал, гаалийн хяналтын ач холбогдол, цар хүрээ өсөн нэмэгдэж, гаалийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага гарч буйг өдөрлөгт оролцогчид онцолж байна. Мөн илгээмжийн хаяг, утасны дугаар тодорхойгүй, ачаа тээвэр, барааны мэдээлэл зөрүүтэй, холбогдох хууль, тогтоомж, журмын талаар мэдээлэл дутмагаас болж иргэдийн илгээмж шалгагдах, хяналтын бүсэд удах тохиолдол үүсэж байгааг гаалийн байгууллагаас мэдээллээ.
Энэ онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт 38 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэнээс 14 нь буюу 36.8 хувь нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой байсан бөгөөд хэргүүдэд хуульд заасан арга хэмжээг авч, шийдвэрлэсэн талаар тус газрын Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д.Амартүвшин мэдээлсэн байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шуудан илгээмжээр хууль бус бараа, эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд онцолжээ.
Өчигдөр болсон өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 40 гаруй аж ахуйн нэгж, 30 гаруй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчид оролцож, салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон аж. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын төлөөлөл оролцож, илгээгч, хүлээн авагчийн мэдээллийн үнэн зөв байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалт болон байгууллага хоорондын мэдээлэл солилцооны эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцэв. Гаалийн байгууллагаас иргэдийг хувийн мэдээллээ бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн илгээмжийн хаяг, утасны дугаараа зөв бичих, ачаа тээвэр болон барааны мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх нь илгээмжийг шалгах, гаалийн хяналтын бүсэд саатах шалтгаан болдог ажээ.