Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сэлэнгэ Ротари клуб БНСУ-ын Ротари клубтэй хамтран ажиллахаар боллоо.
Хоёр клубийн төлөөлөгчид өнөөдөр уулзаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааны туршлага солилцох, олон улсын түншлэлийг өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Ротари нь дэлхийн олон орны бизнес, мэргэжлийн салбарын төлөөлөл, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгохыг зорьсон сайн дурынхныг нэгтгэсэн олон улсын сүлжээ юм. Тус байгууллагын клубүүд орон нутгийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал болон хүмүүнлэгийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэр дундаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлдэг байна.
БНСУ-ын Ротари клубийн төлөөлөгчид Вьетнам, Филиппин зэрэг улсад түргэн тусламжийн авто машин хандивлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, нярайн хоол тэжээлийг сайжруулах, хүүхдийн зүрхний мэс заслын зардлыг санхүүжүүлэх зэрэг хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай аж. Энэхүү туршлага нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл санаачлах, хэрэгжүүлэхэд чухал боломж болно гэж талууд үзэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг тодорхойлж, эмнэлгийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллах юм. Ингэхдээ орон нутгийн бодит хэрэгцээнд нийцсэн, үр дүн нь иргэдэд шууд хүрэхүйц санаачилгыг дэмжихэд анхаарах нь чухал гэв.
Ийнхүү Сэлэнгэ Ротари клуб БНСУ-ын Ротари клубтэй хамтран ажиллах болсноор орон нутгийн эрүүл мэндийн салбарт олон улсын байгууллагын туршлага, нөөц бололцоог ашиглах, хүмүүнлэгийн төслүүдийг хөгжүүлэх шинэ боломж нээгдэж байна.
Цаашид санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх бодит ажил, төслүүд нь аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэх юм.