Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA
nominnaran7@gmail.com

Есөнбулаг, 2026 оны 11 дүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн 47 осол бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 637 бүртгэгдсэн тухай тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Зам тээврийн осол гарахад хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, шөнийн цагаар өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн гэрлийг шилжүүлэхгүй байх, жолооч хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил нөлөөлж байгааг албаныхан анхаарууллаа.
Говь-Алтай аймаг нь Ховд, Баянхонгор аймагтай улсын чанартай авто замаар холбогддог. Эдгээр чиглэлийн замд осол ихэвчлэн гарч байгаа бөгөөд холын замд хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй явах, амралтгүй удаан хугацаагаар жолоо барих нь ослын эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэдээлэв.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн 80 нь зөвхөн аравдугаар сард бүртгэгдсэн бөгөөд жолооч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцжээ.
Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чиглэлээр хяналт шалгалт тогтмол хийж байна.
Мөн баяр ёслолын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг жолооч нарт анхааруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг уриаллаа.