Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
.jpeg)
Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Байгаль нуурын ар, өвөр, Баргужин төхөм, Хилог, Зүлгэ мөрний сав газраар нутаглаж ирсэн буриад түмэн өвөрмөц ахуй соёл, зан заншлаа үеэс үед өвлүүлэн өнөөг хүргэжээ. 1917-1918 оны Оросын иргэний дайны үеэр Монгол нутагт нүүдэллэн ирсэн тэд өөрсдийн соёл, зан заншлын хамт үе дамжин уламжлагдсан үнэт өвөө авчирсны нэг нь ганц чавхдаст “Суухан хуур” юм.
Морин хуурын эртний уламжлалыг хадгалсан суухан хуур
Буриад түмэн эртнээс хөгжмийг амьдрал, ахуй, зан заншилтайгаа салшгүй холбон дээдэлж иржээ. Ан ав, тахилга тайлга, баяр наадам, уй гашуу гээд амьдралынхаа бүхий л үед хөгжмийн аялгуугаар баяр, гунигаа илэрхийлдэг байв.
Тэдний уламжлалт хөгжмийн зэмсгийн нэг нь хун шувууны толгой хэлбэртэй, ганц чавхдаст суухан хуур юм. Судлаачид XII-XIII зууны үед хуур хөгжим өргөн дэлгэрч байсныг тэмдэглэдэг бөгөөд суухан хуурыг морин хуурын эртний хувилбар, өвөг хэмээн үздэг байна.
Нэг чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг нь Вьетнамын данбаву, нөгөө нь Энэтхэгийн сатаар, гурав дахь нь Баруун Буриадын суухан хуур юм. Буриад хэлэнд үхрийн давсгийг “суух” гэж нэрлэдэг бөгөөд хуурын царыг бухын давсгаар бүрдэг учраас ийн нэрлэжээ.
Энэ тухай буриад аялгаар “Сууха хуур хадаа дэлхэй дээрэ нэгэ утаһатай гансахан хүгжэмэй зэмсэг юм. Гурбанһаа дээшэ наһатай буха үүсэлжэ, суухыень абажа, тэрэнээ хэбтэ татажа, энэ зэмсэг хэгдэнэ...” хэмээн тайлбарладаг ажээ.
Урлах арга, тоглох ёс нь өвөрмөц
Суухан хуур урлахад нарийн ажиллагаа, ур дүй, тэвчээр шаарддаг. Хуурын иш, чихийг хус модоор, царыг хуш модоор, нумыг бургасаар хийдэг бол ганц чавхдасыг хурдан морины сүүлний хялгасаар урладаг байна.
Хуурын хамгийн онцлог хэсэг нь бухын давсгаар бүрсэн цар юм. Үүнийг бэлтгэхдээ гурваас дээш настай амбан бухын давсгийг авч, арав хоног аргадаж, гунжин үнээний уурагт 30 хоног дэвтээнэ. Дараа нь гурван гөрөөсний дэлүүгээр элдэж зөөлрүүлэн, хэвэнд оруулж хатаадаг эртний уламжлалтай ажээ.
“Гунигтайхан” хэмээн нэрлэдэг суухан хуурыг тоглохдоо нэг хөлөө урагш жийж, нөгөө хөлөө нугалан сууна. Хуурын толгой хэсгийг эгэмдээ тулгаж, доод хэсгийг жийсэн хөлийнхөө үзүүрт тогтоон барьж хөгжимддөг байна.
Суухан хуурын аялгуунд байгаль дэлхий, салхи, хүний баяр гуниг, дотоод сэтгэлийн өнгө аяс шингэсэн гэж буриадууд үздэг. Түүний эгшиг ан амьтан, адуу малыг хүртэл тайвшруулах увдистай хэмээн итгэдэг байжээ. Иймээс суухан хуурыг мөнх тэнгэр, хангай дэлхийтэй холбон дээдэлж, гэрийнхээ хойморт залдаг уламжлалтай. Мөн газарт тавихгүй, муу үгээр хэлэхгүй байхыг эрхэмлэдэг байжээ.
Тэшиг суманд суухан хуурын өвийг сэргээж байна
Булган аймгийн Тэшиг сум 1923 онд байгуулагдсан Эг-Сэлэнгийн буриад хошууны түүхтэй холбоотой нутаг юм. Өдгөө тус сумын хүн амын 20 орчим хувийг Тэрт, Хонгоодор, Хүрхүүд овгийн баруун буриадууд эзэлдэг.
Суухан хуурын уламжлал Тэшиг нутагт байсныг гэрчлэх баримтууд бий. Тухайлбал, Булган аймгийн музейн сан хөмрөгт 1952 онд иргэн Норжмаагаас худалдан авсан “Давсган хуур” хадгалагддаг. Мөн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Г.Балданцэрэн ардын хөгжмийн зэмсэг судлах явцдаа Тэшиг сумаас суухан хуур олж байжээ.
Цаг хугацааны явцад мартагдаж, устах аюулд хүрээд байсан суухан хуурын уламжлалыг сэргээхээр Тэшиг сумын уран бүтээлчид 2024 онд нэгдэж, “Баруун буриадын суухан хуурын төсөл”-ийг эхлүүлжээ. Төслийг тус сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Мөнхтөгс санаачилсан бөгөөд суухан хуур урлаач Т.Лхагвасүрэн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, багш Г.Балданцэрэн, Ардын жүжигчин Ц.Үенч, хувцас, гутал урлаач М.Өнөрцэцэг, Н.Туяацэцэг нар хамтран ажилласан байна.
Төслийн үр дүнд Тэшиг сумын суухан хуурын оркестр бүрдэж, Булган аймагт зохион байгуулсан “Дэлхийн Алтаргана” наадмын нээлтэд тоглосон байна. Мөн суухан хуурын тухай тусгай үзэсгэлэн гаргаж, уг хөгжмийн зэмсгийн түүх, уламжлалыг олон нийтэд танилцуулжээ.
Энэхүү төслийн үр дүнд Булган аймагт зохион байгуулагдсан “Дэлхийн Алтаргана” наадмын нээлтэд Тэшиг сумын суухан хуурын оркестр эгшиглэж, тусгай үзэсгэлэн дэлгэгдэн олон улсын анхаарлыг татсан юм. Өнөөдөр Тэшиг сумын уран сайханчид олон улсын уралдаан наадамд суухан хуураараа амжилттай оролцож, мартагдсан аялгууг орчин цагийн үзэгчдийн сонорт хүргэж байна.
Өдгөө Тэшиг сумын уран бүтээлчид суухан хуураа олон улсын уралдаан, наадамд тоглож, мартагдах шахсан энэ хөгжмийн аялгууг сонсогчдод хүргэж байна.
Тэшиг сумын Соёлын төвөөс цаашид суухан хуурын сургалтыг тогтмол явуулж, хүүхэд залууст тоглож сургах, улмаар энэ хөгжмийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэхийг зорьж байна. Мөн мартагдаж буй буриад түмний үндэсний спорт, язгуур урлагийн төрлүүдийг сэргээхээр ажиллаж байна.
Түүнчлэн төр, төрийн бус байгууллагын дэмжлэгийг авч, суухан хуурыг зөвхөн музейн үзмэр төдий бус, Булган аймгийн Тэшиг сумын буриад түмний соёл, өв уламжлалыг илэрхийлэх онцлог хөгжмийн зэмсэг болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.
Нэгэн чавхдаст суухан хуурын аялгуу Тэшиг нутагт дахин эгшиглэж эхэлсэн нь мартагдах шахсан өв соёлоо сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хийж буй чухал алхам юм.