Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо энэ сарын 9-20-нд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал болж байна.
Уг бага хурлын эхэнд зохион байгуулсан Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг оролцож, үг хэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй харилцан уялдаатай сорилт болохыг онцолж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын хүчин чармайлтыг нэгтгэн эрчимжүүлэх, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргын хувиар бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс манлайлан ажиллах болно гэв.
Түүнчлэн манай улсаас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд танилцуулсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг дэмжиж, хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Дээд түвшний уулзалтын үеэр COP17-гийн дарга Б.Батцэцэг НҮБ-ын холбогдох байгууллагын удирдлага, гишүүн улс орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, COP17 бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцох юм.