Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий
galt.deegii@gmail.com

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас зохион байгуулсан “Автомат робот-2026” намрын тэмцээнд ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн Коосэн коллежийн оюутнууд амжилттай оролцож, автомат дроны төрөлд тэргүүн болон дэд байр эзэллээ.
Тус тэмцээнд Коосэн коллежийн оюутнууд автомат дрон, шулуун замын машины уралдаан, шоо цуглуулагч робот гэсэн гурван төрлөөр нийт зургаан баг бүрдүүлэн оролцож, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорин өрсөлдсөн байна.
Автомат дроны төрөлд нийт 34 баг өрсөлдсөнөөс тус коллежийн оюутнуудын багууд тэргүүлжээ.
Тухайлбал, М.Тэмүүлэн, Э.Сайнзаяа, Б.Мөнхмагнай нарын бүрэлдэхүүнтэй баг тэргүүн байр, М.Баяржаргал, Э.Удаанжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг дэд байрт шалгарчээ.
Харин шулуун замын машины уралдаанд нийт 24 баг өрсөлдсөнөөс М.Баяржаргал, О.Жавхлантөгс нарын баг наймдугаар байр эзэлжээ.
Энэ удаагийн тэмцээн нь оюутнуудын хувьд робот машины төрлөөр анх удаа оролцсон туршлага болсон бөгөөд тэд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, робот зохион бүтээх, программчлах, багаар ажиллах ур чадвараа харуулсан нь онцлог байв.
Тус тэмцээн нь оюутнуудын инженерчлэлийн сэтгэлгээ, техник технологийн мэдлэг, бүтээлч хандлага, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ робот техникийн чиглэлээр мэдлэг, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой юм.