Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
ganaabadarch3@gmail.com

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярыг ирэх оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар товложээ.
Энэ удаа баярыг амралтын өдрүүдийг хамруулан таван өдөр зохион байгуулахаар болсон нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг өргөжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилготойг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.
“Хөх сувд” мөсний баяр нь Хөвсгөл нуурын өвлийн байгалийн үзэмж, мөсөн дээрх спорт, соёлын өвөрмөц үйл ажиллагааг хослуулдгаараа онцлог бөгөөд Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон эвентүүдийн нэг юм.
Тус баярыг анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр хэмээх газарт зохион байгуулжээ. Тухайн үед нутгийн иргэд оролцож, арав гаруй чаргатай морины уралдаан явуулсан байна. Харин 2001 оноос цар хүрээ нь өргөжиж, жил бүр уламжлал болгон зохион байгуулах болжээ.
Өдгөө мөсний баярыг зорин жил бүр 20 мянга гаруй хүн ирдэг бөгөөд Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улсын жуулчид оролцож байна.
Баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн уралдаан, мото спортын үзүүлбэр, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн зэрэг спортын төрлөөс гадна “Аав, ээж, би” тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан зохион байгуулдаг. Мөн аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл болдог уламжлалтай.