Ачаалж байна…
Ачаалж байна…
Munkhzul Batsukh
muknzul.b@gmail.com

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Д.Нацагдорж хуучны нэршлээр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн засаг захиргаагаар Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн галуутайн “Мэлзэй” хэмээх газар аргын тооллын 1906 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тайж Дашдоржийн гэр бүлд мэндэлжээ.
Манжийн эрхшээлээс салж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа монголчууд урлаг соёл, бичиг үсэг тэргүүтэй олон зүйлдээ туурга тусгаар улсын адилаар шинэчлэл хийж эхэлсэн билээ. Энэ шинэчлэл, өөрчлөлтөд Д.Нацагдорж чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тийм хэдий ч их зохиолч амьдралын дардан замыг туулсангүй. Цагийн мананд өртөж, төөрч будлисан нь цөөнгүй ч 31-хэн наслахдаа хийсэн бүтээсэн нь чамгүй. Тэр дундаа туурвисан зохиол бүтээл нь уран сайхан, утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Бага залуугаасаа ном эрдмийн мөр хөөсөн Д.Нацагдорж 1918 оны орчмоос төрд алба хашиж эхэлсэн түүхтэй. Тэрбээр эхлээд Цэргийн яаманд тал бичээч, бичээч, дараа нь 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа жанжин Д.Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргаар ажиллажээ. Улмаар 1922 оны наймдугаар сараас Намын төв хорооны нарийн бичгийн даргын туслах, Намын төв хорооны нарийн бичгийн дарга болж байжээ. Энэ цагаас нам хийгээд төрийн олон чухал албыг хашиж явсан түүхтэй. 1925-1926 онд ЗХУ-ын Ленинград хотноо Цэргийн улс төрийн академид, 1926-1929 онд Германы Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэдэх өөрийнх нь бичиж үлдээснээр бол “Хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины ерөнхий сургууль”-д сурсан. Д.Нацагдорж монгол хэл бичгээ сайн эзэмшсэн улмаар манж, хятад, орос, герман, англи хэлийг чамгүй өндөр түвшинд сурсан, сайн боловсролтой хүн байсан байна.
Уран бүтээлийн хувьд Д.Нацагдорж 1922 оны орчмоос “Цэнхэрлэн харагдах”, “Бүх олон …” хэмээн эхэлдэг хожим олны нэрлэж заншсанаар бол “Пионерийн дуу” тэргүүтэй шүлэг зохиол бичиж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар монголчуудын мэдэж байгаагаар 110 гаруй шүлэг, 35 орчим богино өгүүллэг, “Хэлхээгүй сувд” тууж, “Учиртай гурван толгой”, “Би биш”, “Монгол ардын суут”, “Нуугдсан эрдэнэ”, “Ондоо хүмүүжил”, “Их авгай”, “Хагацал” гэсэн долоон жүжгийн зохиол бичжээ. Мөн А.С.Пушкин, Эдгар Алан По, Г.де.Мопассан, А.П.Чехов гэсэн дэлхийн сонгодог зохиолчдын зохиолоос цөөнгүйг орчуулсан түүхтэй. Түүний бүтээлүүдээс “Миний нутаг” шүлгийг Монгол Улсын XX зууны манлай шүлгээр тодруулсан юм. Уг шүлгийг 1930-аад оны эхэнд бичсэн гэдэг. Энэхүү яруу тансаг, сайхан шүлэгийг тэртээ 1955 онд Монгол улсад техникийн дээд боловсролыг үүсгэн байгуулагч соён гэгээрүүлэгч Г.Ренчиндорж англи хэл рүү орчуулжээ.
Миний нутаг
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ойн хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнгэг нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын тууриуд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай, Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн нутаг
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавъяаг байгуулъя
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон