Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Увс аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит “Увс нуур цом-2026” уламжлалт барилдаан энэ сарын 14-15-нд Улаангом сумын Бөхийн өргөөнд болно.
Үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, бөхчүүдийн ур чадвар, уран барилдааныг олон нийтэд сурталчлах зорилготой тус барилдаанд бөхчүүд, үзэгчдийг өргөнөөр оролцохыг аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар болон Улаангом сумын ЗДТГ-аас уриалжээ.
Увс аймгаас үндэсний бөхийн аварга цолтон тав төрсөн байдаг. Тухайлбал, Хяргас сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын болон хуучнаар ЗХУ-ын гавьяат тамирчин, дархан аварга Хорлоогийн Баянмөнх нь олимпын наадмын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, Монгол Улсын XX зууны манлай бөх юм.

Мөн Ховд сумын уугуул, дархан аварга Н.Батсуурь, Наранбулаг сумын уугуул, улсын аварга О.Балжинням, Баруунтуруун сумын уугуул, улсын аварга С.Мөнхбат, Давст сумын уугуул, улсын аварга П.Бүрэнтөгс нар Увс нутгаас төрөн гарсан бөхийн алдартнууд юм.
Аймгийн ЗДТГ-аас аваргуудын нэрэмжит барилдааныг жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Аваргууд өөрсдөө хүрэлцэн ирж оролцдог бөгөөд тус барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд аймгийн цол олгодог.
Өнөөдрийн байдлаар Увс аймгийн 61 бөх үндэсний их баяр наадмаас улсын цол хүртжээ.