Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цэгц билиг сургуулийн сурагчид “Орос хэл, соёлын өдөрлөг”-т амжилттай оролцож, тус сургуулийн 12а ангийн суралцагч Г.Арвин ОХУ-д суралцах эрхийн бичиг хүртжээ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жил, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 66 дахь удаагийн өдрүүдийн хүрээнд тус өдөрлөгийг Говьсүмбэр аймагт зохион байгуулсан байна.
Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом”-оос зохион байгуулсан өдөрлөгт говийн бүсийн аймгуудын сурагч, багш нар оролцож, мэдлэг, авьяас чадвараа сорьжээ.
Дундговь аймгийн удирдлагын дэмжлэгтэй оролцсон Цэгц билиг сургуулийн “Мечта” баг уралдаанд дэд байр эзэлсэн бол англи хэлний багш Д.Аравхаан “Шилдэг багш”-аар, 12а ангийн суралцагч Г.Арвин математикийн төрлөөр “Шилдэг суралцагч”-аар шалгарсан байна.
Ийнхүү Г.Арвин ОХУ-д суралцах эрхийн бичиг хүртсэнээр Дундговь аймгийн сурагчдын амжилтыг бүсийн хэмжээнд ахиуллаа. “Орос хэл, соёлын өдөрлөг” нь хүүхэд, залуучуудад орос хэл, соёлыг танин мэдэх, хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа, суралцах боломжийн талаар мэдээлэл авах нөхцөл бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм.