Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г
gtsogzolmaa81@gmail.com

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Боловсролын яам Монголын Оюутны Холбоо болон оюутны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх бодлогын санал, санаачилгын талаар санал солилцлоо.
Боловсролын яамны мэдээлснээр, уулзалтаар 45 мянган оюутныг хамруулсан судалгааны үр дүнд үндэслэн сургалтын чанар, төлбөрийн ил тод байдал, хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийн дадлага, дотуур байрны хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээ, цахим үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг хөндөв. Оюутны төлөөллүүд эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал, санаачилгаа танилцуулсан юм.
2023 онд оюутнуудын санал санаачилгад үндэслэн Засгийн газрын 111 дүгээр тогтоол баталж, нийтийн тээвэр, эрүүл мэнд, цахим үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ, “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг чиглэлээр бодлогын шийдвэрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар уг тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, үр дүнтэй хэрэгжүүлж буй ажлыг үргэлжлүүлэх, хэрэгжилт хангалтгүй байгаа үйл ажиллагааг эрчимжүүлж, сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Мөн боловсролын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн тогтолцоог боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын хамтарсан 2+2, 2+1 хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, E-Student 2.0 үйлчилгээг хөгжүүлэх, оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага хийх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцуулав.
Түүнчлэн сургалтын орчин, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, оюутны дотуур байрны хүртээмжийг сайжруулах, оюутны хотхоны хөгжлийг үе шаттай дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн даатгалын эрх зүйн шинэ зохицуулалтын талаар оюутнууд, ажил олгогчдод мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Уулзалтын төгсгөлд оюутнуудын дэвшүүлсэн санал, санаачилгыг Засгийн газрын бодлого, шийдвэрт тусгах, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог ханган хэрэгжилтийг сайжруулахад талууд хамтран ажиллахаар санал нэгдэв.