Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Их-Уул сумыг холбосон 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
Тус төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 9.564 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2026 онд 3.658 тэрбум төгрөгийн санхүүжилт улсын төсөвт тусгагдсан байна.
Энэхүү төсөл нь Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжиж байгаа бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй тендерээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Шинээр баригдах 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц ашиглалтад орсноор Их-Уул сумын цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдал эрс сайжирч, хүчдэлийн уналт, цахилгаан тасалдлын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ иргэд, төрийн байгууллага, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудыг тогтвортой, тасралтгүй эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.
Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд орон нутгийн цахилгаан түгээх сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хүчдэлийн чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн тасалдлыг бууруулах, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилтыг үе шаттай хэрэгжүүлж буй юм.


Тосонцэнгэл–Их-Уул чиглэлийн энэхүү төсөл хэрэгжсэнээр зөвхөн өнөөгийн хэрэглээний найдвартай байдлыг хангахаас гадна хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих эрчим хүчний дэд бүтцийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.