Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дахь “Отгонтэнгэр”, Тосонцэнгэл сумын нутаг дахь "Тосонцэнгэл” нисэх буудлын зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.
Ингэснээр “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4С ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром болгон өргөтгөж, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа талаар Отгонтэнгэр нисэх буудлын аюулгүйн үзлэгийн хэсгийн ахлагч, шалгагч, хүний нөөц, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Р.Вангүрмаа мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Отгонтэнгэр” нисэх буудлын 170.6 га, “Тосонцэнгэл” нисэх буудлын 51.1 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг баталсан байна.
Уг шийдвэр нь нисэх буудлын газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, аэродромын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах, цаашдын өргөтгөл шинэчлэлийг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 8.5.1-д Завхан аймгийн “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4С ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг.
“Отгонтэнгэр” нисэх буудал нь 1956 оны зургаадугаар сард Донойн хөндийд Ан-2 онгоцоор ачаа, шуудан, зорчигч тээврийн нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй. 2859 метрийн урттай хатуу хучилттай хөөрч буух зурвастайгаар орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.
9 дүгээр сарын 1-ний байдлаар “Отгонтэнгэр” нисэх буудлаар нийт 116 нислэг үйлдэж, 1725 зорчигч үйлчлүүлсэн байна. Мөн хуваарьт нислэгээр 2906 тээш, 15.2 тонн гар тээш тээвэрлэжээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн CRJ700 агаарын хөлгөөр Улаанбаатар-Улиастай-Улаангом-Улаанбаатар чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна.
“Отгонтэнгэр” нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон хөгжүүлж, зорчигч үйлчилгээний цогцолбор байгуулах нь зөвхөн Завхан аймгийн төдийгүй баруун бүсийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа, тээвэр логистик, карго тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Харин “Тосонцэнгэл” нисэх буудлын зориулалттай 51.1 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь Завхан аймгийн нисэхийн дэд бүтцийг хадгалан хамгаалах, цаашид орон нутгийн нислэгийн сүлжээ, хүртээмжийг өргөжүүлэхэд шаардлагатай газрын нөөцийг баталгаажуулсан шийдвэр болж байна хэмээн Отгонтэнгэр нисэх буудлаас мэдээлэв.
