Дэлхийн аварга М.Уранцэцэг өрх толгойлсон эмэгтэйд тусалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-01-02 12:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг сайн үйлсийн аянд нэгдэж өрх толгойлсон С.Отгончимэг хэмээх бүсгүйд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэжээ.


Тэрбээр хоёр болон дөрөвдүгээр ангид сурдаг хоёр хүү, гуравхан сартай нялх хүүхэдтэй юм байна. Энэ бүсгүйд туслах аяныг зохион байгуулагч нь яруу найрагч, зохиолч,  судлаач Ч.Дагмидмаа бөгөөд С.Отгончимэг бүсгүйд сайхан сэтгэлт олон хүний хандивыг цуглуулж энэ өрхийн амьдралд том тус хүргэжээ.


Жүдоч М.Уранцэцэгийн ах Ц.Бат-Эрдэнэ өөрийн урладаг утаа гаргадаггүй цахилгаан зуухаа бэлэглэжээ. Хямдхан зардлаар халаалт дулааныхаа асуудлыг нэг мөсөн шийдэж болох дэвшилтэт технологиор уг зуухыг бүтээсэн нь олон хүнээс талархал хүлээж байгаа аж.


Өөрийн гэсэн орон гэргүй олон жил айлын гэр түрээслэж амьдарч байсан С.Отгончимэг бүсгүй М.Уранцэцэг гавьяатад баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлсэн юм. Дэлхийн аварга М.Уранцэцэг цаашид өрх толгойлсон, амьдрал ахуй нь хүнд хэцүү байгаа олон хүнд туслах үйлсэд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Холбоотой мэдээ