Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хэвлэл мэдээллийн анхдугаар форум Улаанбаатар хотноо болж, хоёр орны 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, судлаач, шинжээч оролцон, хамтын ажиллагааны шинэ боломж, сэтгүүл зүйн технологийн өөрчлөлт, үндэсний хэл соёлын онцлогийг мэдээлэлд хэрхэн тусгах талаар хэлэлцлээ.
Форумд “Россия сегодня” олон улсын мэдээллийн агентлагийн “Спутник” мэдээллийн сувгийн удирдагч Ольга Юрьевна Лисогор, “Ведомости” сонины сурвалжлагч Евгения Александровна Носкова, “Газпром-медиа” холдингийн захирал Анна Павлова, Улаан-Үд хотын Захиргааны мэдээллийн бодлогын газрын дарга Ольга Александровна Алсыева тэргүүтэй ОХУ-ын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцсон юм. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ үед зохион байгуулсан тус форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, редакц хоорондын түншлэлийг хөгжүүлэх, мэдээллийн салбараар дамжуулан харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой байлаа.
Форумын нээлтэд Монгол Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Л.Нинжжамц мэдээллийн эрин үеийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, улс орнуудын мэдээллийн бие даасан байдал, мэргэжлийн сэтгүүл зүйн хариуцлагын талаар байр сууриа илэрхийлээд “Хэвлэл мэдээлэл бол зөвхөн мэдээ дамжуулах хэрэгсэл биш. Улс орны нэр хүнд, үндэсний ашиг сонирхол, олон нийтийн итгэл, нийгмийн тогтвортой байдал, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг стратегийн хүчин зүйл болсон” хэмээн онцолсон. Түүний хэлсэн үгэнд дэлхийн мэдээллийн урсгалд зөвхөн бусдын бүтээсэн мэдээллийг дамжуулах бус, өөрийн орны өнцөг, байр суурь, нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг бүтээж, олон улсын түвшинд хүргэх шаардлагатай байгаа талаар хөндсөн нь форумын гол санаануудын нэг байлаа.
Олон улсын мэдээллийн урсгалд цөөн тооны томоохон агентлаг, платформ, алгоритмын нөлөө нэмэгдэж буй өнөө үед улс орнууд өөрийн мэдээллийн өнцөг, дуу хоолойг бий болгох нь хэвлэл мэдээллийн салбарын чухал сорилт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд хоёр хөрш болон дэлхийн бусад улс орны үйл явдлыг мэдээлэхдээ зөвхөн орчуулж дамжуулах бус Монголын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд хэрхэн нөлөө үзүүлэх, ямар хамааралтайг тайлбарлан хүргэх, мөн Монголд болж буй үйл явдлыг олон улсын уншигчдад бодитой, ойлгомжтой хүргэх шаардлага урган гарч байна.
Форумын үеэр Оросын талын төлөөлөгчид хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд харилцаа, мэдээлэл, контентын солилцоог өргөжүүлэхийн чухлыг онцолж байв. “Россия сегодня” медиа группын “Спутник” сувгийн удирдагч Ольга Лисогор “Хөршүүд бие биеийнхээ тухай өөр хотын хүнээс асууж мэдэж байгаа мэт харамсалтай нь, Орос, Монгол хоёр улс бие биеийнхээ талаарх мэдээллийг ихэвчлэн зуучлагчдаар дамжуулан авч байна. Бид шууд харилцах ёстой бөгөөд энэхүү форум тэр чиглэлд хийж буй чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон нь редакц хоорондын шууд харилцаа, мэдээллийн солилцоог хөгжүүлэх хэрэгцээг илэрхийлсэн гэж хэлж болно.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков сэтгүүлчдийн байнгын харилцааг сэргээх, орос, Монгол хэлний мэдлэгтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хэвлэл мэдээллийн салбарын харилцан аялал, хамтын сурвалжилга, контент солилцооны сувгийг бий болгох хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж буйг мөн онцолсон. Энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг зөвхөн уулзалт, хэлэлцүүлгээр бус бодит ажил, мэргэжлийн солилцоогоор өргөжүүлэх боломжтойг харуулж байна.
Форумын бас нэгэн гол сэдэв нь хиймэл оюун ухааны хэрэглээ, редакцын үйл ажиллагааны шинэ формат, мэдээллийг түгээх технологийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг байсан. Алгоритм, дижитал платформ, хиймэл оюун ухаан ашиглан мэдээллийг боловсруулах, түгээх нь хэрэглэгчдэд хүргэх арга хэлбэрийг өөрчилж байгаа ч хуурамч мэдээлэл, зохиомол дүрс бичлэг, төөрөгдүүлсэн контентын эрсдэл нэмэгдэж буйг оролцогчид хөндсөн. Технологийг ашиглахын зэрэгцээ баримтыг нягтлах, мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулах, олон нийтийн итгэлийг хамгаалах нь сэтгүүлч, редакцын үндсэн үүрэг хэвээр үлдэх ёстойг энэ үеэр тодотгож байлаа.
Түүнчлэн Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа цаашид хамтарсан төсөл, мэргэжлийн салбарын солилцоо, сургалт, редакц хоорондын түншлэлээр дамжин хөгжих боломжтойг оролцогчид дуу нэгтэй дэмжиж байсан. Мэдээллийн орчин, технологи, олон улсын харилцаа хурдтай өөрчлөгдөж буй энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа нь уулзалт хэлэлцүүлгээр хязгаарлагдах бус бүтээл, мэдээллийн солилцоо, сэтгүүлчдийн ур чадварын хөгжилд чиглэх шаардлага хэдүйн бий болсныг харуулж байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд харилцаа, харилцан мэдээлэл солилцоо нь хөрш орнуудын талаарх ойлголтыг бодит мэдээлэлд тулгуурлан төлөвшүүлэх, үндэсний хэл, соёл, онцлогийг хадгалан дэлхийн мэдээллийн урсгалд өөрийн дуу хоолойг хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа Монгол, Оросын хэвлэл мэдээллийн анхдугаар форум салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэдээллийг харилцааг шууд, нээлттэй, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх эхлэл болж байна.