“Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын хорооны жишиг хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-16 17:59:39

Ховд /МОНЦАМЭ/.  “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын хорооны 2019 оны нэгдүгээр хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралдааныг баруун бүсийн аймгуудын нисэх буудлуудтай харилцан туршлага судлах зорилгоор өргөтгөсөн буюу жишиг хуралдаан хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байв.

Хуралдаанд Нисэх буудлын удирдах газрын ажлын хэсэг, “Ховд” нисэх буудлын аюулгүй байдлын хорооны дарга, гишүүд оролцсоноос гадна ажиглагчаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймаг болон тус аймгийн Булган сумын Нисэх буудлын удирдлага, ажилтнуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.

Хурлын үеэр Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт орсон нэмэлт өөрчлөлт, Ховд нисэх буудлын аюулгүй байдлын хорооны 2018 онд хийсэн ажлын тайлан, үйл ажиллагааны явцад илрүүлсэн зөрчил, 2019 оны зорилт, хийх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Цаашид нисэх буудлын аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай уялдаа холбоогоо бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн бүсийн хяналтыг сайжруулах, харуул хамгаалалтын багаж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, иргэн бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг олон нийтэд тогтмол хүргэх зэрэг асуудалд анхаарч ажиллахаар болов. Мөн нисэх буудлын аюулгүй үйл ажиллагааг хангах, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан сургалт, дадлага сургууль хийх талаар оролцогчид санал нэгдлээ.

Энэхүү хуралдааны үр дүнд ажиглагчаар оролцсон нисэх буудлуудын төлөөлөл аюулгүй байдлын хорооны хурлын дэг, журам, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголттой болж, туршлага хуримтлуулснаараа чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нисэх буудалд 7 хоногт хоёр удаа, нийтийн эзэмшлийн бүс, өндөрлөг цэгүүдэд сард 1-2 удаа үзлэг шалгалт хийдэг байна. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 290 зөрчилтэй зорчигчоос 379 ширхэг хориотой эд зүйлс илрүүлэн зохих журмын дагуу бүртгэл хөтөлж, шийдвэрлэсэн зэргээр нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ