НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулган нээгдэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-17 12:25:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ирэх оны 9 дүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр чуулган Нью-Йорк хотод нээгдэж байна. Эдийн засаг, экологи, хүмүүнлэгийн асуудал төдийгүй бүс нутгийн сөргөлдөөн зэрэг дэлхий дахинд тулгамдсан 170 гаруй асуудал хэлэлцүүлгийн гол сэдвүүд болох аж.   


Чуулганы нээлтийн ёслол Нью-Йорк хотын цагаар 15:00 цагт эхэлнэ. Нээлтийн үеэр 74 дүгээр чуулганы дарга Тижани Мухаммад-Банде үг хэлнэ. Тэрбээр өмнө нь Нигер улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Тижани Мухаммад-Банде НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиносагаас алхыг залгамжлан авах аж. Энэ алхыг хуралдаан эхлэх болон дуусах, хэлэлцэх асуудлыг сайшааж байгааг, албан тушаалтныг сонгох, тогтоол батлах, чимээгүй байх шаардлага тавих үед ашигладаг байна.  


Ерөнхий ассамблейн тэргүүний албан тушаалд цорын ганц нэр дэвшигч байсан Мухаммад-Банде нь терроризм, өлсгөлөн, ядуурал, жендерийн тэгш бус байдал, цэргийн мөргөлдөөний үеэр гарч буй хүчирхийлэлтэй тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа тавьж ажиллах бодолтой байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, боловсролын салбар дахь хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулахаа амлажээ. 

Холбоотой мэдээ