Зэс боловсруулах болон метан хийн үйлдвэрүүдийн төслийг танилцуулж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-09-25 14:58:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ажлыг танилцуулах ээлжит хувиараар өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд УУХҮЯ-ны өдөрлөг болж байна.

Өдөрлөгөөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн компаниуд эх орондоо угсарч буй цахилгаан эко автобусаа, Үйлдвэр технологийн паркийн ажлын алба Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, “Монголын Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК мөн үйлдвэрээ эхлүүлэн хэрэгжүүлж буй төслөө, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс Метан” болон “МонАтом” компаниуд Зөөвч-Овоод барьж буй метан хийн туршилтын түр байгууламж зэргээ тус тус танилцуулж байна.


Жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн тухайд одоогоор үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээг авч байгаа юм байна.


Мөн өдөрлөгт “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, “Эрдэнэс Тавантолгой”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Монросцветмет”, Багануурын болон Шивээ Овоогийн уурхай, “МАК” зэрэг уул уурхайн томоохон компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд таниулж байгаа бол АМГТГ, Уул уурхайн төв лаборатори, ШУТИС, Геологийн судалгааны төв, Уул уурхайн аврах анги зэрэг харьяа байгууллагууд оролцон ажлаа танилцуулж байна.




Түүнчлэн “Дашваанжил”, “Магнай трейд”, “ТЭС петролиум” зэрэг нефть, хийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд оролцож байна. Нэг ёсондоо манай улсын экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын 4-ний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын төлөөлөл 40 гаруй ААН оролцож буйг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлого, хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр өдөрлөгийн нээлт дээр мэдээлэв.


Тэрээр, эрдэс баялгийн салбар өнгөрсөн оны эцсийн байдлаар ДНБ-ний 23.5 хувь, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувийг, экспортын 88.2 хувь, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64, улсын төсвийн орлогын 40 орчим хувийг дангаараа тус тус бүрдүүлж байгаа нь эдийн засагт үзүүлж буй шууд нөлөө юм гэдгийг онцоллоо.

Уул уурхайн салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ