"Монгол жүжгийн өдрүүд" үзвэрээр түүхэн жүжгүүд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-03 15:55:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театр Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойг угтан  “Монгол жүжгийн өдрүүд” тоглолтоо “Гэгээн муза” наадмын найман номинацийн зургааг хүртсэн “Тэнгэрийн хүү” жүжгээр эхэлнэ.  

Театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү”, “Жаргаагүй нар” зэрэг  жүжгээ энэ сарын 17-27-ны өдөр нийслэлийнхэндээ толилуулах аж. “Тэнгэрийн хүү” жүжиг энэ сарын 17, 18-нд 19:00 цагт, энэ сарын 19, 20-нд 18:00 цагт тоглоно. Түмэн шаньюй өргөөндөө найр хийж байх үед Аргун хэмээх нэгэн баатар Кушаны цэргүүд довтолсон тухай мэдээг дуулгаснаар жүжгийн үйл явдал өрнөнө.


Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжигт 1922 оны Хүрээний эгэл амьдралыг өгүүлнэ. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх эл жүжиг 10 дугаар сарын 25-нд 19:00 цагт, 10 дугаар сарын 26, 27-нд 18:00 цагт тус тус үзэгчдийн хүртээл болж, монгол жүжгийн өдрүүд дуусах юм байна.

Холбоотой мэдээ