Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 50 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон” хүртлээ.
1976 онд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн 464 дүгээр тогтоолоор Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийг байгуулсан нь өнөөгийн Онцгой байдлын газрын суурь юм.
Улсын хэмжээнд 2003 оны 6 дугаар сарын 20-нд “Гамшгаас хамгаалах тухай” хууль батлагдсанаар гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх болон улсын нөөцийн албадыг нэгтгэн орчин үеийн Онцгой байдлын албаны тогтолцоонд шилжсэн.
Монгол Улсын Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор 2019 оны 3 дугаар сарын 20-нд Мөнгөнморьт суманд Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги байгуулж, зүүн бүсийн сумдын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлсэн байна.
Төв аймгийн Онцгой байдлын газар нь 27 сумын хэмжээнд гамшгаас хамгаалах, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус ангийн алба хаагчид сүүлийн арван жилийн хугацаанд Зуунмод суманд бүртгэсэн 249 удаагийн дуудлагаар ажиллаж, 98 хүний амь насыг аварч, 5,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Ийнхүү тус ангийн түүхт 50 жилийн ойн ёслол хүндэтгэлийн ажиллагааг өнөөдөр зохион байгуулж албан үүргээ нэр төртэй биелүүлэн, гамшиг осол, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, цол гардуулж, төрийн болон салбарын, аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн Онцгой байдлын Ерөнхий газраас туулах чадвар сайтай автомашин, Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Хүндэтгэл” хадгалуулж, мөнгөн шагнал гардууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян нээлтийн үеэр үг хэлэхдээ, “Хагас зуун жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид гамшгаас хамгаалах үйлсэд мэргэжлийн ур чадвар, эр зориг, хариуцлагаа дайчлан ажиллаж ирсэн. Түүх бол өнгөрснийг дурсах төдий бус, ололт амжилтаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн чигээ тодорхойлох үнэт өв, залгамж холбоо юм” хэмээн онцолсон юм.