Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Японы Монгол судлалын холбоотой хамтран “Монголын соёлын өв судлалын сүүлийн үеийн тэргүүлэх судалгаа” сэдэвт Монгол судлалын форумыг энэ сарын 23-нд зохион байгууллаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү форум нь Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгааны шинэ үр дүнг хуваалцаж буйгаараа онцгой ач холбогдолтой байв. Тус форумыг Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, Такэо Азийн их сургуулийн захирал Конагая Юки хөтлөн явууллаа.
Үндсэн илтгэлийг Японы Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Отани их сургуулийн хүндэт профессор Мацүкава Такаши “Олон сүмийн туурьд хийсэн малтлага судалгаа” сэдвээр, Кокүгакүин их сургуулийн профессор Икэда Ёшифүми “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгоог тодруулан судлах зорилготой Такашима арлын далайн ёроол дахь судалгааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус тавьж, 2026 онд шинээр илрүүлсэн олдворуудын судалгааны үр дүнг танилцуулав.
“Олон сүмийн туурьд хийсэн малтлага судалгаа” илтгэлд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн туурийн Монгол-Японы хамтарсан малтлагаас олдсон монгол бичгийн модны үйсэн дээрх судрууд болон бусад олдворын тухай, тэр дундаа Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билиг сургаалын хэсэг анх удаа олдсон түүхэн нээлтийг онцлон авч үзэв.
“Хубилай хааны Япон руу хийсэн довтолгоог тодруулан судлах зорилготой Такашима арлын далайн ёроол дахь судалгааны өнөөгийн байдал” илтгэлээр Нагасаки мужийн Мацүүра хотын Такашима арлын орчмын далайн ёроолоос илрүүлсэн Хубилай хааны цэргийн флотын 3 дахь усан онгоц болон холбогдох олдворуудын талаар танилцууллаа.
Форумд Япон дахь монгол судлаачид, Монгол-Японы найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөгчид зэрэг 30 орчим хүн оролцож, сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, судалгааны үр дүн, туршлагаасаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцлээ гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээлэв.