УБТЗ-ын “Хөдөлгөөнт эмнэлэг”-ээр 1600 гаруй зорчигч үйлчлүүлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2019-10-21 15:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын өнгөрсөн сараас явуулж эхэлсэн эмнэлгийн оношилгоо, үйлчилгэний хоёр вагоноор  нийт 1677 хүн үйлчлүүлээд байна.

Үүний дийлэнх нь төмөр замчин, өндөр настан, хүүхдүүд байна. Харин орон нутгийн 200 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Орчин үеийн дурангийн болон цахилгаан, хэт авианы оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглосон эмнэлгийн оношилгоо, тусламж үйлчилгээний хоёр вагон бүхий галт тэрэг урд чиглэлийн замд зорчиж байгаа юм. Тэгвэл тус галт тэрэг маргаашнаас хойд чиглэлд гарах аж.

“Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн вагон нь УБТЗ-ын төв эмнэлгийн 16 эмч ажилтны бүрэлдэхүүнтэй юм. Эдгээр 2 вагоныг төмөр замчдын хандивын мөнгөөр босгожээ.


Цаашдаа Төмөр замын захиргаа, ЭМЯ-тай хамтран дахин 4 вагоныг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож иж бүрэн "Хөдөлгөөнт эмнэлэг" байгуулах юм. Энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнээс эхлээд нүд, чих, хамар, хоолой, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна мэс засал хүртэл хийх бололцоотой юм. 

Холбоотой мэдээ