Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz
begzbatkhuu@gmail.com

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Дэлхийн Зөн Монгол” төрийн бус байгууллагаас Увс аймгийн Ерөнхий боловсролын дөрвөн сургууль, нэг цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогооны тоног төхөөрөмжийг өчигдөр гардуулан өглөө.
Тодруулбал, тус байгууллагаас Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих, сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, хоол үйлдвэрлэлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Увс аймагт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс энэ удаад 52 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Улаангом сумын ерөнхий боловсролын 4, 6 дугаар сургууль, Наранбулаг, Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль болон Наранбулаг сумын цэцэрлэг зэрэг нийт таван байгууллагад дээрх дэмжлэгийг үзүүллээ.
Хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх сонгон суралцах дугуйлангуудын үйл ажиллагаанд зориулан канвас, будгийн харандаа, зургийн дэвтэр, бөмбөр гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүн болон хөгжмийн зэмсгүүдийг нийлүүлсэн байна. Мөн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор аяга таваг угаагч машин, нэгдүгээр хоолны тогоо, ногоо хэрчигч зэрэг гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэхүү дэмжлэг нь хүүхэд бүрийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон юм.