НЭМҮТ-өөс аймгийн удирдах ажилтнуудад нөлөөллийн уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-15 19:34:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд НЭМҮТ-ийн дэд дарга Г.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг тус аймагт сүрьеэ, тэмбүүний өвчлөлийг бууруулах ажил хэрхэн явж байгаатай газар дээр нь танилцсан байна. Мөн цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн Засаг дарга болон түүний эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, Эрүүл мэндийн төвүүд, сумдын Засаг дарга нарт нөлөөллийн уулзалт хийлээ.

Буянт сумын Эрүүл мэндийн төвд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг”-ийн үзүүлэх сургалтын нээлтийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга нар, Буянт сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулав. Үзүүлэх сургалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдварт, хүүхэд, дотор, мэдрэл, гэмтэл, БЗДХ-ын нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.

Холбоотой мэдээ