Орон нутгийн сонгуулиас 60 хоногийн өмнө шилжих хөдөлгөөнийг зогсооно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-23 16:12:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 


Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганд танилцуулав. Төслийн ажлын багаас зарчмын зөрүүтэй 94, найруулгын таван багц санал бэлтгэснийг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэжээ. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар ажлын багаас асуулт асууж, тодруулсан. Гишүүдийн асуултад ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нар хариулсан. 


Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн  хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж тайлбарлалаа. Харин ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.


Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураав. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль” гэсний дараа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “25” гэснийг “18” гэж өөрчлөхийг дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг 4.9 дэх хэсэг болгож, орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт гэсэн төрөлтэй байхаар өөрчлөн найруулахаар болов.


Төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсгийг нэмэхээр болов.


Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төвд 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төв болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс” гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо.


Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 01-ний” гэснийг “8 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан санал Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байгаа, төрд ажиллах хүсэлтэй нь төрийн албандаа тууштай үнэнчээр ажиллах, харин улс төрд орох хүсэлтэй нь ажлаа өгөөд улс төрөө хөөгөөд явдаг байх нь зүйтэй, сонгуульд нэр дэвшиж ялагдчихаад төрийн албанд буцаад ордог байдлыг эцэслэх ёстой. Энэ заалт дэмжигдвэл хууль хоорондын зөрчил үүсэхэд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжив.




Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн мөн зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 29.8 дахь хэсэг нэмэх санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан ч дэмжигдээгүй. Иймээс уг заалтыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж, хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.    


 Түүнчлэн төслийн 33 дугаар зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн агуулгатай 33.1.9 дэх хэсэг нэмэх, төслийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтыг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэж өөрчлөн найруулах, төслийн 32 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн агуулгатай 3.2.11, 32.3.13 дахь заалтыг нэмэхээр тогтов.




Төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчиддоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 48.7 дахь хэсгийг шинээр нэмэхийг дэмжлээ.


Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгогчдын ирц 50+1 хувь байх” гэсэн агуулгатай заалтыг тусгах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.8 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.


Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ