“Shell” компани "Петро Матад"-тай хийсэн гэрээгээ цуцлахаар болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-05-03 13:28:19

ЛОНДОН. /IFAmagazine/. Монголын төв болон баруун нутагт газрын тосны хайгуул хийж буй "Петро Матад" компани өөрийн эзэмшлийн IV болон V талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтран ажиллаж буй түншээ алдсан тухайгаа баасан гарагт мэдэгдлээ.

"Shell" компани өөрийн салбар компаниараа дамжуулан "Петро Матад"-ын охин компани болох "Төв Азийн газрын тосны корпораци" /Central Asian Petroleum Corporation Limited/-д хандан  2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулсан “Farmout” гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн байна.

"“Shell” компанийн гаргасан шийдвэр нь өөрийн үнэт цаасны багцын талаар оновчтой шийдвэр гаргах гэж байгаатай  холбоотой, харин дээрх хайгуулын талбайнуудын техникийн хэтийн төлвөөс ямар нэгэн байдлаар хамаарсан зүйл үгүй гэж "Петро Матад" компанийн ТУЗ-ийн мэдэгдэлд дурджээ.

Гэрээнд зааснаар, "Shell"-ийн салбар компани нь  бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гарснаар  "Төв Азийн газрын тосны корпораци"-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой болж байгаа юм.

"Петро Матад"-ын мэдэгдсэнээр, нөхөн төлбөрийн хэмжээ чамгүй их байгаа ажээ. Ийнхүү "Shell" хувьцаагаа буцааснаар хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээн дэх "Петро Матад"-ын эзэмшлийн хувь 22-оос буцаад 100 хувь болох юм.

Манай компани төлөвлөсний дагуу ажлаа явуулж байгаа бөгөөд удахгүй IV болон V талбай дахь чичирхийллийн судалгааны хоёр дахь үе шат төлөвлөсөн ёсоор эхэлнэ гэж "Петро Матад"-ын удирдлага мэдэгдлээ.

Х.Сарнай

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ