Аймгийн ахмадын хороо шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-28 17:32:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ахмадууд шинэ өргөөтэй боллоо. 2020 оны улс болон орон нутгийн төсвийн 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуучин байрыг хоёр давхар болгон өргөтгөж, шаардлагатай бүхий л өрөө, тасалгаануудыг хийжээ. Ингэснээр Сүхбаатар аймаг болон Баруун-Урт сумын ахмадууд тохилог шинэ өргөөнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болж байна.

Сүхбаатар аймгийн ахмадууд давхар давхар баяраа тэмдэглэж байна. Олон улсын Ахмадын баяр тохиож буй эдгээр өдрүүдэд бид шинэхэн байраа ашиглалтад хүлээн авлаа. Аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад бий. Ахмадуудын хоёр дахь гэр болсон өргөөндөө тэд өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тийм ч учраас өргөөний хувьд тохилог, дээрээс нь аюулгүй орчинг бүрдүүлсэн байх шаардлагатай. Яг л ийм стандартад нийцсэн байртай болсондоо үнэхээр их баяртай байна. Цаашид өргөөгөө байнгын үйл ажиллагаатай байлгаж олон олон ажил, үйл ажиллагааг ахмадуудтайгаа хамтран хийх болно гэж аймгийн Ахмадын хорооны дарга Т.Дашсүрэн хэллээ.


Өргөөний нээлтэд аймгийн удирдлагууд болон Дорнод аймаг, аймгийн Хэрлэн сумын ахмадын хорооны дарга урилгаар оролцов. Шинэ байрны тохижилт, тавилга хэрэгсэлд зориулж аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Мөн ААНБ, сумдын салбар хорооны ахмадууд өргөөний тохижилтод зориулан хандив өргөж байлаа

Холбоотой мэдээ