Ачаалж байна…
Ачаалж байна…
Narangerel GAA

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнууд анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос тус цэцэрлэгийн багш, ажилтнуудад зориулсан анхны тусламжийн сургалтыг энэ сарын 18-нд зохион байгуулжээ.
Сургалтаар анхны тусламж үзүүлэх үндсэн зарчим, зүрх, уушгины сэхээн амьдруулалт, гар, хөл, толгойд боолт хийх, цус алдалтыг тогтоох, хахсан хүнд тусламж үзүүлэх зэрэг сэдвээр онол, дадлага хослуулан заажээ.
Энэхүү сургалт нь цэцэрлэгийн багш, ажилтнууд хүүхдэд анхны тусламжийг цаг алдалгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадвартай болоход чиглэсэн байна. Ингэснээр хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл, ослын үед шуурхай арга хэмжээ авах бэлтгэлийг хангах ач холбогдолтой юм.
Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнуудад анхны тусламжийн мэдлэг, ур чадвар олгох сургалтыг тогтмол зохион байгуулдаг ажээ.