Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 7.8 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-04 20:28:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,787,463,576.74 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 54 компанийн 7.8 сая хувьцааг 1,337,678,122.18 төгрөгөөр арилжсан байна.



"ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор хувьцааг эргүүлэн худалдаж авах үйл ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нөөс энэ оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд гүйцэтгэнэ хэмээн заасны дагуу өнгөрсөн 7 хоногт 2.1 сая хувьцааг олон нийтээс худалдан авч хувьцааны тоо 37.6 сая болов. Тус ХК-ийн нийт гаргасан хувьцааны 4.7 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтээс эргүүлэн худалдан аваад байна. 


Багцын арилжаагаар: Энэ 7 хоногт компаниудын 18.6 сая  багцыг нийт 395.9 сая төгрөгөөр арилжжээ. 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-нд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 14 ширхэг компанийн бондыг нийт 1.4 сая төгрөгөөр арилжив.   


Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 201,530 нэгж эрхийг нийт 52,385,460.56 төгрөгөөр арилжжээ. 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,695,624,678,218.66 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 34,490.08 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.09 хувиар өсөв.

Холбоотой мэдээ