Хамгаалалтын хувцсаар хангах саналыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-04 20:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзав.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн зарим төслийн үр дүнг ярилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь манай улсын хүн амын нөхөн үржихүй, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлд томоохон төсөл хөтөлбөрийг ЭМЯ болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг юм.


COVID-19”-ийн халдварын өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ПСР оношлогооны 4 лабораторийг Улаанбаатар, Өмнөговь, Замын-Үүдэд байгуулаад байна. Уг төсөл амжилттай хэрэгжиж, хэвийн ажиллаж байна. Мөн COVID-19”-ийн өвчний эсрэг ажиллаж буй эмч, хариу арга хэмжээний багийн эмэгтэйчүүдэд шаардлагатай багц өгөх зэргээр ажиллаж ирэв.  
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад COVID-19”-ийн дотоодын халдвар нэмэгдэж, Улаанбаатар хотоос гадна 16 аймагт өвчлөл бүртгэгдэж эхэлсэн энэ үед нэн тэргүүнд хамгаалах хувцасны хангамж асуудал тулгамдаж буйг хөндөж энэ тал дээр туслахыг хүслээ. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикава уг саналыг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, туслахын төлөө ажиллахаа илэрхийлэв.


НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Каори Ишикава хоёр талын амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг эрүүл мэндийн салбарынхан  гэлтгүй нийт иргэд хүртэж буйг онцлов. Мөн цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, эрүүл мэндийн зарим шинэчлэлд дэмжлэг болон ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ