"Мандал даатгал" 1.8 тэрбумын ногдол ашиг тараажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-29 18:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хуулийн дагуу энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна.  Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Мандал Даатгал" ХК тайлант хугацаанд тус компани: 

  • Хураамжийн орлого 22.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөнөөр цэвэр ашгийн хэмжээ 3.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ. 
  • 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан.
  • Хүүхдэд зориулсан эрсдэлийн боловсрол олгох сайт нээсэн.
  • Хүүхдийн гэнэтийн ослын даатгал гаргаснаас гадна "Аялал 360" дотоодын аяллын даатгалын бүтээгдэхүүн шинээр гаргаад байна.



Тус ХК-ийн нийт хөрөнгө 65.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь дотоодын даатгалын зах зээлд хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж байгаагаас гадна нийт хураамжийн орлого болон цэвэр ашгийн хэмжээгээр салбарын компаниудыг тэргүүлж байна.  Түүнчилэн Хөрөнгийн биржийн мөн I ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлант хугацаанд:

  • Компани 608.7 мянган тонн нүүрс олборлон, борлуулж, 91.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ
  • Уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр  ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 1.9 тэрбум төгрөгт хүрчээ.

Цаашид борлуултын хэмжээг нэмэгдүүлэх, олборлолтын өртгийг бууруулах, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар ажиллаж байна. Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, мэдээлэл технологийн "Ай түүлс" ХК тайлант хугацаанд: 

  • Нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувь буурч, 924 сая төгрөгт хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 176 хувь өсөж 62.9 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. 
  • Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр cloud.mn платформ дээр ажиллаж байгаа ба хялбар веб угсралтын үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлснээс гадна Wordpress үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ