АНУ, Тайванийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгожээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-03 10:45:28

ТАЙБЭЙ. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси аюулгүй байдал, эдийн засаг болон харилцан сонирхсон бусад салбарын асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Тайваньтай парламент хоорондын харилцааг өргөжүүлэх санал тавьжээ. 


“Бид парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээг өргөжүүлэхийг хүсэж байна” гэж тэрбээр лхагва гарагт Тайванийн хууль тогтоох байгууллагын дэд дарга Цай Цичантай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 


Хариуд нь Цай Цичан Н.Пелосиг "Тайванийн ард түмний агуу найз" гэж нэрлээд, аралд хийсэн айлчлалыг нь өндрөөр үнэлэв. Товч угтах хэсгийн дараа улс төрчид хэвлэлийнхний хувьд хаалттай горимд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.


АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайванийн парламентад хүрэлцэн ирсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Тэрбээр арлын улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах төлөвтэй байна. Түүнийг ирэхэд нь зориулан парламентын ордны гол хаалганы орох хэсэгт улаан хивс дэвсжээ.


Н.Пелоси Тайбэйд наймдугаар сарын 2-ны орой хүрэлцэн очсон юм. ОХУ түүний айлчлалыг АНУ-ын зүгээс Хятад улсыг өдөөн хатгасан үйлдэл гэж үзсэн байна. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалтай холбоотойгоор АНУ томоохон хариу арга хэмжээтэй тулгарна гэж Хятадын ГХЯ мэдэгдээд байна.

 


Холбоотой мэдээ