СЭЛЭНГЭ: Д.Дорж: Исгэсэн хивэг тамирдсан малыг хурдан тэнхрүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны гуравдугаар
сарын 4 /МОНЦАМЭ/. Хаврын хатуу цаг дуусч хүн, малын нуруу тэнийх дэлгэр цаг айсуй. Зуд нүүрлэлээ
гээд сэтгэл санаагаар уналгүй, эрсдэл багатай давах аргыг олох хэрэгтэй. Ийм
үед өвс, тэжээлээс гадна өвөлжөө, малын байрыг дулаан алдуулахгүй байлгах нь маш
чухал хэмээн малчин Д.Дорж ярилаа.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагатай” нэгдүгээр багт нутагладаг малчин Д.Доржийнх 4 хошуу, нийт 700 гаруй малтай өвөлжөөд,
хаваржиж байна.
Тэрбээр цаг агаарын байдлыг эртнээс
судлан малынхаа өвс, тэжээлд 500 боодол өвс, 2 тн будаа, 10 уут хивэг бэлтгэсэн
ч өнгөрсөн хатуу өдрүүдэд малдаа өгснөөр малын тэжээлийн нөөц хомсоджээ.
Хашир малчин хавар мал төллөлтөө гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр зохицуулсан нь онолоо хэмээн ярьсан юм. Учир нь
оны эхэнд огцом дулаарч цасны өнгөц хэсэг хайлж, дараа нь ойр ойрхон цас орсон нь
мөсөн давхарга үүсэхэд нөлөөжээ.
Ийм байдал нь малыг бэлчих боломжгүйд
хүргэж, тамир тэнхээ нь муудан хээл хаях эрсдэлд хүргэдэг гэж тэр ярьсан юм.
Мөн эднийх хивгийг түргэн исгэгчээр исгэж тамирдаж, муудсан малдаа өгдөг байна. Энэ нь малд маш сайн амин дэм болж,
доройтож муудсан мал хурдан тэнхэрдэг хэмээн туршлагаасаа хуваалцлаа.