ДОРНОГОВЬ: Тайзны мэргэжлээс тариаланч болжээ

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
erdenebulgan@montsame.mn
2024-09-12 13:05:48

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Говийн эрүүл хөрсөнд жил бүр тарвас тарьж хэрэглэгчдэд хүргэдэг Сэрээдоржийн Лхагвасүрэнг Дорноговийнхон андахгүй.




Мэргэжлийн урлагийн тайзан дээр жүжигчнээр ажиллаж, хөдөөгийн иргэдэд соёлын өвийг тарьж явсан залуу эдүгээ газар тариалангийн салбарт хүчин зүтгэж, Дорноговьдоо сайн чанарын тарвас тарьж ургуулаад таван жил болжээ. Говьд газар тариалан эрхлэх амаргүй.Тэднийх энэ жил 0.4 га талбайд тариалалт хийсэн ч хүчтэй аадар борооны улмаас ургацынхаа 50 хувийг алдсан байна.




Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг сөрж, хичээн зүтгэсээр гурван тонн гаруй тарвас хурааж зах зээлд борлуулж байна.Тарвасаа “Шимт тарвас” хэмээн нэрлэсэн аж. Амт чанар сайтай болохоор тэдний тарьж ургуулсан тарвасыг хүмүүс худалдан авах дуртай байдаг аж. Нэг кг тарвасаа 5000 төгрөгөөр борлуулдаг. Намрын энэ халуун өдрүүдэд Лхагвасүрэн бүр ч завгүй ажиллана. Заримдаа захиалгын дагуу тарвасаа хүргэдэг.



Тэрбээр СУИС-ийг 2009 онд жүжигчний мэргэжлээр төгсөөд Дорноговь аймгийнхаа Их соён гэгээрүүлэгч Лувсанданзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Удалгүй театрынхаа Жүжиг ангийн даргаар дэвшин ажиллаж, маркетингийн менежер, Үйлдвэр үйлчилгээний албаны даргаар нийт 13 жил ажиллажээ.


Дараа нь Дорноговь аймагт Соёл урлагийн газар байгуулагдахад Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оноос өөрийн сонирхлын дагуу газар тариалангийн салбарт өдийг хүртэл ажиллаж байна.  

Холбоотой мэдээ