Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

БИШКЕК, 2026 оны арваннэгдүгээр сарын 21 /Kazinform/. 14 хүртэлх насны хүүхдээ бие даан өсгөн хүмүүжүүлж буй ганц бие эцэг ба эхэд ажилдаа нэг цагийн дараа ирэх эсвэл ажлаасаа нэг цагийн өмнө явахыг зөвшөөрсөн заалтыг Хөдөлмөрийн хуульд оруулах эсэхийг Киргизийн олон нийтээр хэлэлцүүлж байна.
Энэ тухай тус улсын парламент болох Жогорку Кенешийн цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Баримт бичигт тусгаснаар, ажил олгогч нь бичгээр гаргасан өргөдлийн дагуу 14 хүртэлх насны хүүхдийг ганцаараа өсгөн хүмүүжүүлж буй эцэг ба эх, үрчлэн авагч ба асран хамгаалагчид нэг цагийн цалинтай чөлөө олгох ёстой. Харин ажилтан нь уг нэг цагийг ажлын өдрийн эхэнд эсвэл төгсгөлд эдлэх эсэхээ өөрөө шийднэ. Эл тохиолдолд цалин хөлсийг бүтнээр олгох ба ажлын цагийг богиносгох нь бусад шагнал урамшууллыг танах шалтгаан болох ёсгүй. Уг нэг цагийн ажлыг дараа нь өөр өдрүүдэд нөхөн гүйцэтгэх, мөнгөн төлбөрөөр орлуулахыг ажил олгогч шаардах эрхгүй.
Хуулийн төсөлд зааснаар, нэг эцэг ба эх нь нөгөө эцэг ба эхийн оролцоогүйгээр хүүхдээ өдөр бүр асарч байгаа эсвэл нөгөө эцэг ба эхийн оролцоог хүүхдийн тэтгэмж, хааяа нэг үзүүлдэг тусламжаар хязгаарлагдаж буй нөхцөл байдлыг "ганцаараа хүүхэд асрах" гэж үзнэ. Үүний зэрэгцээ, хүүхдийн тэтгэмж авах, хамаатан саднаас тусламж авах, эсвэл дахин гэрлэх нь ажилтны ажлын өдрийг богиносгох эрхийг хасах үндэслэл болохгүй.
Хүүхэд 14 нас хүрмэгц ажлын өдрийг богиносгох эрх дуусгавар болно. Нэмэлт өөрчлөлтийг баталсан тохиолдолд уг хууль нийтлэгдсэнээс хойш гурван сарын сарын дараа хүчин төгөлдөр болно.
Өмнө нь Киргиз улсад тодорхой ангиллын албан тушаалтнуудад өөрсдийн мэргэжлийн хүрээнд нэмэлт цалин хөлс бүхий үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн албан хаагчид өөрсдийн мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны судалгаа, бусад бүтээлч үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.