Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /Kazinform/. Өчигдөр буюу бямба гарагт Франц даяар амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцсэн зургаа дахь удаагийн жагсаал цуглаанууд боллоо.
Энэ удаагийн эсэргүүцлийн ажиллагааг үйлдвэрчний эвлэлүүд, залуучуудын хөдөлгөөнүүд, “шар хантаазтнууд” зохион байгуулсан бөгөөд 2018 онд болсон “шар хантаазтнуудын” хөдөлгөөний 8 жилийн ойтой давхацжээ.
Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр, орон даяар 82 мянга 500 хүн жагсаалд оролцсон бол зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ тоо 150 мянгад хүрчээ. Энэ нь оролцогчдын тоо өмнөхөөс илт цөөрснийг харуулж байгаа бөгөөд оргил үедээ жагсагчдын тоо 550-575 мянгад хүрч байв.
Парисын цагдаагийн газрын мэдээллээр, Бүгд Найрамдах улсын талбайгаас Үндэстнүүдийн талбай хүртэл үргэлжилсэн жагсаалд 21.5 мянган хүн оролцсон бөгөөд ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй байна. Улс даяар болсон 112 жагсаал цуглааны үеэр 144 хүнийг баривчилжээ. Дэг журмыг сахиулахад 70 мянган цагдаагийн ажилтан дайчлагдсан бөгөөд Гренобль, Лилль, Бордо, Марсель зэрэг хотуудад хогийн савнуудыг шатаах, нулимс асгаруулагч хий хэрэглэх гэх мэт үйлдлүүд илэрсэн байна.
Эдгээр ажиллагаанд оролцогчид амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцэж, цалинг нэмэгдүүлэх, сургалтын чанар ба орон сууцны нөхцлийг сайжруулахыг шаардаж байгаа юм. Жагсаал цуглаанд Францын хамгийн нөлөө бүхий CGT, CFDT, FO гэсэн гурван гол үйлдвэрчний эвлэл, залуучуудын ба лицей сургуулийн сурагчдын байгууллагууд, түүнчлэн “шар хантаазтнууд” оролцож байна.
Дараагийн эсэргүүцлийн ажиллагаа 12 дугаар сарын 1-нд болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгджээ.