ЗАВХАН: Төмс, хүнсний ногооны ургац хураалт 86 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймагт ургац хураалт 90 орчим хувьтай байна. Энэ жил тариалсан үр тариа малын тэжээлийн 30 хувь, төмс, хүнсний ногооны 86 хувийг хураан авчээ.
Энэ онд нийт 1806 тн үр тариа, 7782 тн малын тэжээл,
төмс 1372.1 тн, хүнсний ногоо 1178.8 тн хурааж авах төлөвлөгөөтэй
байна. 10 дугаар сарын 3-ны байдлаар үр
тариа 420 тн, малын тэжээл 1456,3 тн, төмс 1363,3 тн, хүнсний ногоо 838.4 тн
хураан авсан байна.
Завхан аймаг нийт 61.8 мянган га эргэлтийн талбайтай үүнээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа эргэлтийн талбай 12.8 мянган га, атаршсан 49.0 мянган га тариалангийн талбай байна.
2024 онд аймгийн
хэмжээнд 604 өрх, 95 аж ахуйн нэгж үр
тариа 2285 га,
тэжээлийн ургамал 5455.6 га, төмс 178.4 га, хүнсний ногоо 157.01 жимс жимсгэнэ 4.01 га нийт 8076.0 га-д тариалалт хийсэн.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр орон нутгийн хөгжлийн сангаас 150.0 сая төгрөгөөр тэжээл худалдан авахаар худалдан авах ажиллагааны газарт тендер зарлуулахаар хүргүүлсэн байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэв.
Энэ онд үр тариа 2285 га, тэжээлийн ургамал 5455.6 га-д тариалжээ
Хүнсний ногоо 157.01 га-д тариалалт хийжээ