Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа.
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй
хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг
шинэчлэн батлах, Авто зам
ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг
дарж булшлах нэгж тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн
мэдүүлэв.
Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд дараах үндсэн чиглэл,
бодлогыг баримталж байна. Үүнд:
-Төр,
хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх
бодлогыг хэрэгжүүлнэ.
-Гэр
хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
-Улаанбаатар
хотын холбоос замуудыг нэмж,
нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр авто замын түгжрэлийг
бууруулна.
-Өнгөрсөн
онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний
хүртээмжийг нэмнэ.
Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн
хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн
татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэх, бүртгэл хяналтыг
сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг
үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, засаглалын гэсэн үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн төслийг чиглүүжлээ. Тодруулбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хот, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгав. Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн 164 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.