Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-03 14:35:01

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас есөн дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг өнгөрсөн онд шинээр суурилуулжээ.


Тэгвэл өнөөдрийн байдлаар Налайх, Баянгол, Багахангай, Сонгинохайрхан, Багануур дүүргийн дэд төвийг ашиглалтад оруулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх төрлийн камерыг ухаалаг нэгдсэн удирдлагын системээр хянаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон камеруудын ашиглалтыг сайжруулах зэрэг олон давуу талтай болж байна.


“Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн захирал Ч.Хувьзаяа ярихдаа “Есөн дүүргийн теле камерын дэд төв нь нийслэлийн нэгдсэн удирдлагын төвтэй 40 гегабайт сүлжээгээр холбогдох боломжтой. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 8000 орчим камер ажиллаж байна. Эдгээр камерыг тухайн дүүргийн дэд төв рүү холбоход бэлэн болсон” гэв.

Холбоотой мэдээ